Сан Диегод хувийн нисэх онгоц осолдож, дор хаяж хоёр хүн амь үрэгдлээ. Онгоц Сан Диего хотын цэргийн орон сууцны хороололд манантай цаг агаарын улмаас унав. Энэ осол нь орон нутгийн иргэдийг төдийгүй цэргийн алба хаагчдыг цочроосон үйл явдал болов.

Сан Диего хотын гал унтраах албаны орлогч захирал Дэн Эддигийн хэвлэлийн бага хурал дээр хэлснээр, уг онгоц нь наймаас арван хүн тээвэрлэх хүчин чадалтай байсан боловч хэдэн хүн онгоцонд сууж явсан нь одоогоор тодорхойгүй байна. Мөн онгоц цахилгаан дамжуулах шугамд мөргөсөн эсэхийг эрх баригчид шалгаж байна.

"Нью-Йорк Таймс" сонинд мэдээлснээр, онгоцонд байсан дор хаяж хоёр хүн амь үрэгдэж, газар дээр долоон хүн гэмтсэн байна гэж албаныхан мэдээлжээ. Ослын улмаас арваад байшин эвдэрч, 100 орчим хүн нүүлгэн шилжих шаардлагатай болов.

Уг онгоц Пүрэв гарагийн орон нутгийн цагаар өглөөний 4 цагт Америкийн Нэгдсэн Улсын цэргийн хамгийн том орон сууцны хороололд осолдсон бөгөөд, нэг байшингийн дээвэр нь шатаж нурсан байдалтай байсан ба зургаан автомашиныг эвдсэн байна.