Энэтхэг-Пакистаны хурцадмал байдал улам нэмэгдэж байна. Энэтхэгийн засгийн газар Пакистантай харилцаа муудаж буй энэ үед өндөр түвшний хэд хэдэн хурлыг зохион байгуулж байгаа ажээ. Пахалгам хотод болсон аймшигт алан хядах ажиллагааны улмаас 26 хүний амь үрэгдсэнээс хойш Энэтхэгийн засгийн газар Пакистанаас ирэх бүх төрлийн бараа бүтээгдэхүүнийг импортлох, дамжуулалт хийхийг бүрмөсөн хориглохоор шийдвэрлэсэн байна. Засгийн газар энэ шийдвэрийг үндэсний аюулгүй байдалд аюул учруулах магадлалтай гэж үзсэн байна. Бямба гарагт Энэтхэгийн Худалдаа, аж үйлдвэрийн яам 1992 оны Гадаад худалдаа (Хөгжүүлэх, зохицуулах) хуулийн дагуу, мөн 2023 оны Гадаад худалдааны бодлогыг ашиглан оруулсан хоригийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарласан байна.

Хоёр улсын хил дээрх арми өндөржүүлсэн бэлэн байдалд байна. Хоёр улсын хил дээрх цэргийн хөдөлгөөн огцом нэмэгдэж, байлдааны бэлэн байдал өндөржсөн талаар мэдээлэл гарч байна. Пакистаны засгийн газар Энэтхэг улс дайралт хийх гэж байна гэж мэдэгдэж байгаа бол Нарендра Моди засгийн газар Исламабадын ямар нэг буруу үйлдэлд бэлэн байхыг мэдэгдсэн байна. Энэтхэгийн Дотоод хэргийн яамнаас муж улсууддаа хандан иргэний хамгаалалтын бэлэн байдлыг хангах дадлага хийхийг үүрэг болгожээ. Энэ нь иргэдэд аливаа халдлагын үед өөрсдийгөө хамгаалах аргачлалыг сурахад туслах болно.

Цаашид шуурхай мэдээллийг анхаарч байгаарай!