АНУ-ын хууль сахиулах байгууллагууд саяхан Израиль дахь ЭСЯ-нд галын бөмбөг ашиглан дайралт хийхийг оролдсон хэргээр нэгэн этгээдийг баривчилжээ. Энэ этгээд галт бөмбөгийг үүргэвчиндээ авчирсан бөгөөд байшинг 'шатаах' төлөвлөгөөтэй байсан гэж цагдаа нар мэдээлэв.

АНУ-ын ерөнхий прокурор Памела Бонди 'Энэхүү хэрэгт сэжигтэн Израиль дахь манай элчин сайдын яамыг онилж, Америкчуудыг алах, Трампын амь насыг хөнөөхийг оролдсон хэмээн буруутгагдаж байна' гэж мэдэгдсэн байна. Ноён Неумейер ням гарагт шүүхэд гарч, шоронд хоригдож байгаа гэж тус улсын Хууль зүйн яамнаас мэдээлжээ.

Дээрх этгээдийг Израилийн эрх баригчид олж илрүүлсний дараа Жон Ф Кеннеди нисэх онгоцны буудал дээр Израилиас хөөн гаргаснаар баривчилсан байна. 28 настай Жозеф Неумейер гэдэг энэхүү этгээд нь АНУ, Германы давхар иргэншилтэй аж.

Тэрбээр өнгөрсөн дөрөвдүгээр сард Израильд ирж, тавдугаар сарын 19-нд Тел-Авив дахь АНУ-ын элчин сайдын яам руу хар өнгийн үүргэвчтэй ирсэн байна. Үүргэвчиндээ гурван ширхэг галын бөмбөг авчирсан Неумейер нь элчин сайдын яамны хамгаалагчид нулимж, баривчлагдах үедээ зугтжээ.

Цагдаа нар удалгүй түүнийг зочид буудалдаа байхад нь баривчилсан байна. Тэрээр 'Тел-Авив дахь элчин сайдын яамыг шатаах' болон 'Америкчуудыг алах' тухай сошиал медиа хаягтаа бичиж, Трампын амь насыг хөнөөхөөр доромж үгс бичсэн байсан нь тогтоогджээ.

Неумейерийг АНУ руу буцааж, баривчлагдсан бөгөөд буруутай нь тогтоогдвол 20 жил хүртэлх хорих ял авах магадлалтай байна.

Вашингтон ДС дахь еврей музейн гадаа Израилийн элчин сайдын яамны хоёр ажилтныг өнгөрсөн лхагва гарагт буудаж хөнөөсөн хэрэг гарсан юм. Цагдаа нар уг хэрэгт 30 настай Чикагогийн оршин суугч Елиас Родригезийг сэжиглэж байгаа ба тэрээр буудсаныхаа дараа 'Палестин чөлөөлөх' гэж хашгирсан байна.

Эх орон аюулгүй байдлын нарийн бичгийн дарга Кристи Ноем уг хэрэгт хохирогчдод зориулсан дурсгалын арга хэмжээнд Даваа гарагт оролцохоор төлөвлөж байна.