ТОКИО — Япон болон Хятад улс Зүүн Хятадын тэнгисийн япончуудын хяналтанд байдаг, хятадуудын ч бас эзэмшил гэж үздэг маргаантай арлуудын агаарын орон зайг зөрчсөн хэргээр харилцан буруутгаж байна.

Японы Гадаад хэргийн яам мэдэгдэл гаргаж, Хятадын эргийн хамгаалалтын дөрвөн завьнаас ниссэн нисдэг тэрэг Японы Сенкаку арлуудын ойролцоох тэнгисийн орон зайд нэвтэрч, Японы агаарын орон зайг 15 орчим минут зөрчсөн тул Бээжинд эсэргүүцэл илэрхийлсэн гэв.

Энэ агаарт халдсан явдлын хариуд Японы Батлан хамгаалах яам Зэвсэгт хүчний сөнөөгч онгоцуудыг агаарт гаргажээ. Хятад улсын хувьд, эргийн хамгаалалтын хөлөг онгоцнууд болон нисдэг тэргээ Сенкаку буюу тэдний нэрлэдгээр Диаю арал орчмын ус болон агаарын орон зайд тогтмол оруулж, Японы онгоцуудыг хариу үйлдэл хийхэд хүргэдэг.

Энэ удаагийн маргаан нь Япон, Хятад улсууд АНУ-тай хийж байгаа тарифын дайнаас үүсэх хохирлыг багасгахын тулд харилцаагаа сайжруулахыг оролдож байсан үед гарсан нь анхаарал татаж байна.

Японы Гадаад хэргийн яам Хятадын элчин сайдын яаманд “маш хатуу эсэргүүцэл” үзүүлж, Хятадын эргийн хамгаалалтын үйлдэл нь Японы тусгаар тогтнолыг зөрчиж байгааг онцлон, Хятадын Засгийн газрыг урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг шаардав.

Мөн Хятад улс Японы энгийн нисэх онгоц тэдний мэдлийн агаарын орон зайг зөрчсөн гэж үзэж, Японд эсэргүүцэл илэрхийлж, Японы улс тэдний тусгаар тогтнолыг зөрчсөнд “ихэд сэтгэл дундуур” байгаагаа мэдэгдэв.

Японы албаныхан Хятадын эргийн хамгаалалтын нисдэг тэрэгний агаарын орон зайн зөрчил, хажуугаар нь нисч байсан Японы энгийн нисэх онгоцны хооронд холбоо байж магадгүйг мөрдөн шалгаж байна.

Энэ удаагийн зөрчил нь Хятадын тагнуулын нисэх онгоц Японы өмнөд муж болох Нагасакигийн ойролцоох агаарын орон зайг зөрчснөөс хойш анх удаа гарч байна. Мөн Хятадын нисэх онгоцууд Сенкаку орчмын Японы агаарын орон зайг өмнө нь хоёр удаа зөрчсөн тохиолдол гарч байжээ.

___

Тайбэй дахь Associated Press-ийн сурвалжлагч Хуижон Ву энэ тайланд хувь нэмэр оруулав.