Зеленскийн энхийн хэлэлцээний болзол: Орос 30 хоногийн гал зогсоох гэрээг дагаж мөрдвөл

Украины ерөнхийлөгч Володимир Зеленскийгийн зүгээс энхийн хэлэлцээг эхлүүлэх боломжит нөхцлийг танилцууллаа. Тэрээр, Орос улс ирэх даваа гарагаас эхлэн 30 хоногийн турш гал зогсоох гэрээг дагаж мөрдвөл Украины тал хэлэлцээнд бэлэн байх болно хэмээн анхааруулсан байна.
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп энэхүү үйл явдлыг 'Орос болон Украинд боломжит гайхалтай өдөр' гэж магтсан бөгөөд уг гэрээ нь 'сая сая амь насыг аврах сайн эхлэл' болж магадгүй гэж үзэж байна.
Ням гарагийн өглөө Кремлиэс хийсэн телевизийн мэдэгдэлдээ ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Украинтай хэлэлцээ хийх санал тавьсан нь 2022 оны хоёрдугаар сард Украиныг гэнэт эзлэн түрэмгийлснээс хойш анх удаа гарч байгаа юм.
Путин, '2022 онд хэлэлцээг зогсоосон нь Орос биш, харин Киев байсан юм. Орос ямар ч нөхцөлгүйгээр хэлэлцээнд бэлэн' гэж мэдэгдэв.
Туркийн ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган Оросын талтай утсаар ярьж, энхийн хэлэлцээг Турк улсад зохион байгуулж, туслахад бэлэн гэдгээ илэрхийлсэн байна. Энэ талаар Туркийн засгийн газар болон Оросын гадаад хэргийн яамны мэдэгдэлд дурьдсан байна.
Путины мэдэгдэл нь Германи, Франц, Польш, Их Британи зэрэг орнуудын удирдагчид, АНУ-ын дэмжлэгтэйгээр Оросын эсрэг шахалтыг нэмэгдүүлсэн явдлын дараа гарч байгаа юм. Эдгээр орнууд нь Киевт хийсэн хамтарсан айлчлалын дараа ирэх даваа гарагаас эхлэн 30 хоногийн турш нөхцөлгүйгээр гал зогсоохыг Орост шахсан байна.