Аргентины Дээд шүүхийн зоорьт Дэлхийн II дайны үед барисан нацистын нууц баримт бичгүүдийг санамсаргүйгээр олжээ. Шүүхийн архивыг шинэ музейд шилжүүлэх үеэр шүүхийн ажилтнууд Германы засгийн газрын архивийн хайрцагнуудтай санамсаргүй учирсан гэж Дээд шүүх даваа гарагт мэдэгдэв.

Эдгээр хайрцагнууд дотор Адольф Хитлерийн үзэл суртлыг Аргентинд түгээж, баталгаажуулахад зориулагдсан нацистын баримт бичгүүд байсан гэж шүүхийн мэдэгдэлд дурджээ. Дээд шүүхийн ерөнхийлөгч Хорацио Росаттигийн тушаалаар эдгээр хайрцагнуудын агуулгыг судалж, бүртгэж эхэлжээ.

Шүүхийн мэдээлснээр, 1941 онд Японы “Нан-а-Мару” хөлөг онгоцоор Токиод байрлах Германы элчин сайдын яамаар дамжин ирсэн 83 хайрцаг Аргентинд ирсэн байжээ. Тухайн үед Германы дипломат төлөөлөгчид эдгээр хайрцагнуудыг гишүүдийнхээ хувийн эд зүйлс гэж мэдэгдсэн боловч Аргентины гаалийн албаныхан энэ хайрцагнуудыг шалгалтгүйгээр нэвтрүүлэх нь Дэлхийн II дайнд Аргентины төвийг сахих байр суурийг аюулд учруулах магадлалтайг гадаад хэргийн сайдад сануулжээ.

Аргентины зарим албан тушаалтнууд санамсаргүйгээр таван хайрцгийг нээсний дараа нацистын суртал ухуулга, ил захидал, гэрэл зураг, Үндэсний Социалист Германы Ажилчдын Намын Гадаад дахь байгууллага болон Германы Худалдааны Холбооны олон мянган дэвтэр олжээ.

Холбогдох материалуудыг тусгай шүүхийн шийдвэрээр хураан авч, Аргентины дээд шүүхэд шилжүүлсэн байна. Шүүх өнгөрөгч долоо хоногт энэ хайрцагнууд яагаад удаан хугацаанд онгойлгогдоогүй байсныг тайлбарлаагүй байна.

Баасан гарагт шүүхийн ерөнхийлөгч Росатти болон бусад Аргентины албан тушаалтнууд, Буэнос-Айрес хотын Холокостын музейн төлөөлөгчидтэй хамт хайрцагнуудыг албан ёсоор нээх ёслолд оролцов. Эдгээр материалуудыг цагдаагийн хамгаалалтад байлгаж, сканнердаж, тоон хэлбэрт оруулж, үзлэг хийж байна. Албаныхан эдгээр материалд Холокост болон нацистын дэглэмийн бусад талууд, тухайлбал 'дэлхийн нацистын мөнгөн урсгал'-ын талаарх мэдээллийг олж авахаар зорьж байна.