Олон Улсын Нисэхийн Зөвлөл (ICAO) нь Украйны нутгаар дамжин нисч байсан Малайзын онгоц MH17-г Оросын пуужингийн довтлогоонд өртүүлж унагасан хэрэгт Орос улс хариуцлагатай гэж үзжээ. Энэ аймшигт явдал нь нийт 298 зорчигч, багийн гишүүдийн аминд хүрсэн бөгөөд хохирогчдын ар гэрийнхэнд нөхөн төлбөр олгох тухай хэлэлцүүлэг өрнүүлээд байна.

MH17 нислэг нь 2014 онд Нидерландын Амстердамаас Малайзийн Куала Лумпур хот руу чиглэн явж байхдаа Оросын пуужинд оногдсон юм. Тэр үед Украйны зүүн хэсэгт Оростой холбоотой салан тусгаарлагчид болон Украйны цэргүүд хоорондоо тулалдаж байсан билээ. Осолд өртсөн хүмүүсийн дотор 196 нидерланд иргэн, 38 австрали иргэн эсвэл түр оршин суугчид байсан.

Австрали болон Нидерландын засгийн газрууд ICAO-ны Зөвлөлөөс нөхөн төлбөрийн хэлбэрийг тодорхойлохыг хүлээж байгаагаа мэдэгдсэн байна. Австралийн Гадаад хэргийн сайд Пенни Вонг энэ шийдвэрийг сайшааж, ICAO-ны Зөвлөлөөс хурдан арга хэмжээ авч, нөхөн төлбөрийн асуудлыг шийдвэрлэхийг уриалжээ. Вонг "Бид Орос улсыг энэ аймшигт үйлдлийн өмнө хариуцлагаа хүлээн зөвшөөрч, олон улсын хуулийн шаардлагын дагуу нөхөн төлбөрийг олгохыг шаардаж байна" гэж мэдэгдэлдээ дурджээ.

Нидерланд болон Австрали улсууд ICAO-ны Зөвлөлөөс Орос улсыг нөхөн төлбөрийн талаар хэлэлцэхийг шаардсан бөгөөд Нидерландын Гадаад хэргийн сайд Каспер Велдкамп "Энэ шийдвэр нь MH17 онгоцны хохирогчдын ар гэрийнхэнд үнэн, шударга ёсыг тогтоох томоохон алхам боллоо" гэв.

ICAO нь Монреалд байрладаг бөгөөд дэлхийн нисэхийн стандартыг тогтоодог ч, хуулийн эрх мэдэлгүй юм. Австрали болон Нидерланд улсууд нөхөн төлбөр болон уучлалт хүссэн ч Орос улс 2020 оны аравдугаар сард хоёр улсын хэлэлцээгээс нэг талын шийдвэрээр гарчээ. Австрали, Нидерланд улс 2022 онд ICAO-д хандаж байсан юм.

2022 оны арваннэгдүгээр сард Нидерландын шүүгчид хэрэгт холбогдсон хоёр Орос эр болон нэг Украйны эрийг алан хядах хэргээр заочноор ялласан. Москва энэ шийдвэрийг "ичгүүртэй" гэж нэрлэж, иргэдээ хүлээлгэн өгөхгүй гэв. 2023 онд олон улсын мөрдөн байцаалтын баг Оросын ерөнхийлөгч Владимир Путин MH17-г унагасан пуужин өгөх шийдвэрийг гаргасан гэсэн "хүчтэй нотлох баримт" байгааг илэрхийлсэн.