АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Сирийн Ерөнхийлөгч Ахмед аль-Шараатай саудын Арабад уулзлаа
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Сирийн түр Ерөнхийлөгч Ахмед аль-Шараатай Саудын Арабын хаан хунтайж Мохаммед бин Салмангийн урилгаар уулзлаа. Энэ нь АНУ болон Сирийн удирдагчид сүүлийн 25 жилийн хугацаанд анх удаа нүүр тулсан уулзалт юм.
Энэхүү уулзалт өмнөх өдөр нь Дональд Трамп АНУ Сирийн эсрэг тавьсан эдийн засгийн хатуу хориг арга хэмжээг цуцлах тухай гэнэтийн мэдэгдлийн дараа болж байгаа юм. Арабын удирдагчид болон Нэгдсэн Үндэстний Байгууллага АНУ-аас ийм алхам хийхийг уриалж байсан нь Сирийн нурж унасан эдийн засгийг сэргээхэд чухал хувь нэмэр оруулах байсан юм.
Ахмед аль-Шараа, мэдэгдэж байсан нэрээрээ Мохаммед аль-Жулани, нь Сирид хуучин засгийн газрыг унагаахын төлөө тэмцэж байсан Хай'ат Тахрир ал-Шам бүлгийг удирдан Сирийг бүхэлд нь хяналтандаа аваад байсан юм. Өнгөрсөн оны 12-р сарыг хүртэл АНУ-ын Засгийн газраас Ахмед аль-Шарааг баривчлахад 10 сая ам.долларын шагнал санал болгож байсан билээ.
Саудын Арабын хунтайж уг уулзалтын дараа "Ерөнхийлөгч Дональд Трампын Сирийн Араб Бүгд Найрамдах Улсын эсрэг хориг арга хэмжээг цуцлах шийдвэрийг бид магтан сайшааж байна. Энэ нь манай ахан дүүс, Сирийн ард түмний зовлонг намдааж, өсөлт дэвшилтийн шинэ хуудсыг нээх болно" гэв.
Трамп Сирийн удирдагчийг Израильтай харилцаагаа хэвийн болгох Абрахамын гэрээний хүрээнд хамтрахыг уриалав. Израилийн зэвсэгт хүчин Ассадын засаглал унасны дараа Сирид үйл ажиллагаагаа идэвхтэй явуулж байгаа бөгөөд өнгөрсөн зургаан сарын хугацаанд тус улсад олон удаа агаарын цохилт хийсэн байна. Израиль нь 1967 онд Сирийн Голааны өндөрлөгийг эзэлсэн бөгөөд зөвхөн АНУ болон Израиль л тус бүс нутгийг Израилийн нутаг дэвсгэр хэмээн хүлээн зөвшөөрдөг.
Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Каролин Левитт нь X, хуучнаар Твиттерт "Ерөнхийлөгч Аль-Шараа Сирийн зүгээс зүүн болон баруун хоорондын худалдааг хөнгөвчлөх чухал гүүр болохоор зорьж, Америкийн компаниудыг Сирийн нефть болон хийн салбарт хөрөнгө оруулахыг урьж байна" хэмээн бичжээ.
Сирийн Ерөнхийлөгч Ахмед аль-Шараа АНУ-ын засгийн газрын бүртгэгдсэн террористын жагсаалтад хэвээр байгаа хэдий ч Дональд Трамп Сирийн засгийн газартай "хэвийн харилцааг сэргээх"ийг зорьж байна. Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган ч энэ уулзалтад холбогдож байсан.
Шинэ засгийн газар Сирийг дахин сэргээн босгохын төлөө чармайж байгаа боловч улс орны тодорхой хэсгүүдийг хянахад бэрхшээлтэй тулгарч байна. Гуравдугаар сард Ассадын талын зэвсэгт бүлэглэлүүд болон засгийн газрын хүчний хооронд цуст мөргөлдөөн болсон бөгөөд үүний улмаас Сирийн Алавитын цөөнхийн хэдэн зуун энгийн иргэд засгийн газрын дэмжлэгтэй зэвсэгт бүлгүүдийн золиос болсон юм.