Мексикийн амжилттай яваа гоо сайхны нөлөөлөгч Валерия Маркес өөрийн ТикТок шууд дамжуулалтын үеэр харамсалтайгаар нас барлаа. Тэрээр 23 настай байсан бөгөөд Мексикийн Запопан хотын гоо сайхны салонд сууж байхдаа буудуулсан байна.

Маркес сүүлчийн Инстаграм зураг дээрээ өмссөн ижил биеэ барьсан хувцастай байсан бөгөөд түүний өвөр дээр нэгэн зөөлөн тоглоомон гахайг барьж байсан нь харагджээ. Түүний үхлийн өмнөх мөчид тэрээр испаниар “Тэд ирж байна” гэдэг үгийг хэлсэн бөгөөд энэ үгийг хэлсний дараа гаднаас “Хөөе, Вале?” гэж хэн нэгэн нь түүнийг дуудахад, тэрээр “тиймээ” гэж хариулаад, дамжуулалтын дууг хаажээ. Хэдхэн секунд өнгөрсний дараа тэрээр буудуулсан юм.

Энэ мэдээ тархсаны дараа түүний Инстаграм дагалдагчдын тоо 100,000-аас 260,000 дөхсөн бөгөөд хүмүүсийн дэмжлэг, шокын мэдэгдлүүдээр түүний сүүлийн бичлэгийн доор олон сэтгэгдэл гарсан байна.

Шууд дамжуулалтын дараа Запопаны хотын цагдаа, түргэн тусламжийн ажилтнууд тэр дороо газар дээр нь ирж, түүний үхлийг баталсан ба Халиско мужийн ерөнхий прокурорын газар энэ хэргийг эмэгтэй хүнийг хөнөөсөн гэж үзэн мөрдөн шалгаж байна. НҮБ-ын тодорхойлолтоор эмэгтэй хүнийг хөнөөх гэдэг нь жендэрийн холбогдолтой санаатай аллага гэж үздэг.

Statista мэдээллийн платформын судалгаагаар 2023 онд Латин Америк даяар эмэгтэй хүнийг хөнөөх тохиолдлоор Мексик улс хоёрдугаарт жагсаж байна. 2024 онд тус улс 800 орчим тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх жилүүдтэй харьцуулахад буурсан үзүүлэлт юм. Хохирогчид ихэвчлэн өөрийн хамаатан, эсвэл хүрээлэн буй хүмүүсийнхээ золиос болдог гэж Statista-ийн судалгаанд дурджээ.

Маркесийн хэргийг анх мөрдөх явцад нэгэн эрэгтэй энэ хэрэгт буруутай гэж сэжиглэгдэж байна. Гэмт этгээд нь буу ашиглан Маркесийг хөнөөсөн юм. Хэрэгт холбогдох нотлох баримтыг цуглуулж байгаа ба Маркесийн цогцсыг Халиско мужийн Шүүхийн шинжилгээний хүрээлэнд шилжүүлэхээр болсон бөгөөд энэ нь албан ёсны таних шинжилгээ, задлан шинжилгээ хүлээж байгаа юм.